Жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөн

Battuul Batzorig
3 min readJul 1, 2019

--

Жирэмсэн ээжүүдийн хувьд өөрийн жингээ хэт нэмэхгүй байх, ургийн жингээ хэвийн хэмжээнд байлгах, мөн эрүүл чийрэг байж хүүхдээ эсэн мэнд төрүүлэх гэдэг бол томхон сорилт шүү.

Миний хувьд жирэмсний эхний 3 сард бол хөдөлгөөнөө аль болох хориглож, хэт хүчтэй хөдөлгөөн хийхгүй, хол газар удаан хугацаагаар алхахгүй байсан бол түүнээс хойш өөрт тохирох дасгалын төрлөө эрчимтэй хайж эхэлсэн. Хэд хэдэн эх сурвалжаас уншиж судласны эцэст жирэмсний иог болон усанд сэлэлтээр хичээллэх нь жирэмсэн эмэгтэйд хамгийн тустай болохыг олж мэдэв. Олон иогийн газар судлаж үзэхэд агааржуулалтгүй, тав тухгүй мэт санагдсан тул усанд сэлэхээр сонгож авлаа. Ингээд жирэмсэн үед усанд сэлэх тухай өөрийн туршлагаас та бүхэнд хүргэж байна.

Жирэмсэн үед усанд сэлэхийн ач тус:

  • Нурууны булчингуудыг суллаж амраана.
  • Байнга давчдаад, бүгчимдээд тавгүй байхад сайхан сэрүүцүүлж, тайвшруулж өгнө.
  • Төрөх үед ажиллах булчингуудыг дасгалжуулж бэлдэнэ.
  • Хэт жин нэмэхээс сэргийлж чадна.
  • Дээр дурдаагүй өөр олон олон давуу тал байгааг та өөрөө туршиж үзээд мэдэх болноо.

Юун түрүүнд хяналтын эмчээсээ усанд сэлж болох эсэх талаар асууна.

Хүүхдээ тээж байх явцад тань ямар нэгэн ноцтой асуудал гараагүй л бол эмч нар дуртай нь аргагүй дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөнө. Мөн өмнө нь усанд сэлдэг байсан бол үргэлжлүүлэн хичээллэхэд ямар ч асуудалгүй.

Бэлтгэл ажил:

Боломжтой гэсэн хариу сонссон бол дараах бэлтгэлүүдийг хийгээрэй.

  • Усны хувцас

Жирэмсний усны хувцас гэж байдаг ч Монголоос олддоггүй юм байна лээ. Ганцханыг олсон нь Arena-д байсан 180.000 орчим төгрөгийн үнэтэй байсан. Эртхэн хятдаас ч юмуу amazon дээрээс захичихвал зүгээр юм байна лээ. Эсвэл бэлхүүс бариагүй загвартай ч юмуу салангид хувцас сонгож болно.

  • Усны шил
  • Усанд орох хэрэгслүүд— Саван, шампунь, бие үрэгч, алчуур гэх мэт
  • Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд — Биеийн тос, хөхний тос, нүүрний тос гэх мэт

Жирэмсэн байх үед арьсандаа мааш сайн чийгшил өгч байвал язрахгүй амар юм байна лээ. Тиймээс язралтын эсрэг тос болон хөхний толгой хамгаалах тосоо бассейн дээрээ авч ирээд усанд орсны дараа түрхээд байвал сайн үр дүнтэй шүү

  • Солих дотуур хувцас, оймс

Яахав өмсөөд ирсэн хувцсаа өмсөөд явж болно л доо. Гэхдээ жирэмсэн байх үед энгийн үеэс илүү дархлаа султай, эмзэг байгаа учир чийгтэй болон бохир хувцсаа буцааж өмсөхгүй байсан нь дээр

  • Усны цүнх

Норохгүй, зориулалтын цүнх авч болно. Гэхдээ тор болон уутанд юмнуудаа хийгээд даавуун цүнхэндээ хийсэн ч болно

Ингээд материаллаг бэлтгэлүүд хангагдлаа. Одоо харин дараагийн бэлтгэл ажил бол:

Бассейнаа сонгох:

  • Гэртээ ойр байрлалтайг сонго.

Жирэмсэн үед машин барихад хүндрэлтэй, тэгээд хол газар автобусаар эсвэл таксигаар явна гэдэг бас л хэцүү асуудал учир алхаад орчихож болохоор бассейн сонгохыг бодоорой.

  • Ариун цэвэр сайтайг сонго.

Ихэнх бассейнууд автоматаар байнга усаа цэвэршүүлж байдаг. Гэхдээ 1 удаагийн оролтоор орох ч шинжилгээ шаарддаг тийм бассейныг сонговол зүгээр. Тэгээд орох бассейныхаа доторхыг, шүршүүр болон хувцас солих өрөөг нь 1 ороод харчихаад сонгоорой.

  • Бассейны хэмжээ тийм ч чухал биш.

Энэ удаад бол тамирчин болох гэж биш, эрүүл хөдөлгөөнтэй байх гэж сэлж байгаа учир стандарт биш, жижгэвтэр бассейнууд ч зүгээр дээ. /Яг хайхаар ихэнх нь 25м-ээс бага урттай байгаа/

  • Усны темпратурыг анхаараарай.

Даарсанаас болоод шөрмөс татах, ядаж л ханиад хүрчих гээд байдаг учир усны темтпратур хэд байдгийг нь асуугаарай. Би 4 бассейнд орж үзсэнээс хамгийн дулаахан устай нь Орчлон 2 дээр байрлах vista club байсан. Аа гэхдээ, жирэмсэн байхад энгийн хүмүүсээс илүү халууцаад байдаг учир өмнө нь сэрүүхэн санагдаж байсан ус одоо хэвийн санагдаж магадгүй шүү.

  • Аль болох хүн багатай бассейн, эсвэл хүн багатай цаг сонгоорой.

Өмнө нь ч яахав 1 замаар олуулаа зөрөлдөөд л, заримдаа нэг нэгнийгээ хөнгөхөн жийгээд өнгөрөхөд зүгээр байдаг байсан. Одоо бол хүн ихтэй замаар сэлж байгаад гэдэс рүүгээ цохиулах вий гэхээс болгоомжлох хэрэгтэй. Тиймээс хүн багатай цагт сэлвэл тун зүгээр.

  • Бассейны эмчтэй эсэх, аврагч нь тогтмол ажилладаг эсэхийг нягтлаарай.

Ямар нэгэн байдлаар бие чинь тавгүйтэхэд тэнд эмч байж тусламж үзүүлж чадах эсэхийг асуугаад үзвэл илүүдэхгүй шүү. Зарим бассейнууд манайд эмч байгаа л гэхдээ зөвхөн 7 хоногт 1 л өдөр ирдэг гэх мэтээр хариулдаг юм байна лээ.

Хамгийн том 2 ажил нугарсан болохоор одоо ердөө шинжилгээгээ өгөөд, бассейндаа бүртгүүлээд сэлж эхлэх л үлдлээ.

Жирэмсэн үедээ усанд сэлэхдээ гарын хөдөлгөөнөөс илүүтэйгээр хөлөө маш сайн хөдөлгөх нь чухал. Тиймээс хэдий сэлж чаддаг ч байсан өөрийгөө ядраалгүйгээр хөвөгчтэй, самбартай, эсвэл гоймонтой зөвхөн хөл хийгээд байж болно. Мөн интернэтээс бассейнд хийж болох дасгалуудын тухай хараарай. Сайн сэлээд байвал төрөх үед ашиглагдах булчингууд маань сайн хөгжөөд төрөх процессийг хялбарчилна гэж ном болон интернет хэлсэн шүү ^^

Шинэ хүнээ хүлээж буй ээж танд амжилт хүсье.

Эрүүл саруул, сайхан амаржаарай.

--

--

Battuul Batzorig
Battuul Batzorig

No responses yet